ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТҮҮХ, ТАНИЛЦУУЛГА

Тус нэгдсэн эмнэлгийн анхны тулгын чулууг 1927 онд Төв аймгийн Говьсүмбэр сумын /тухайн үеийн засаг захиргааны нэгжийн хуваариар/ Баруун-Өвөр гэдэг газарт /одоогийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4-р багийн нутаг/ 1 бага эмчтэйгээр, 2 гэртэй тавьж байжээ. Тухайн үед хүн амд үзүүлэх боловсон эмнэлгийн тусламж үйлчилгээг бага эмч Лувсаншарав ганцаар эрхлэн явуулж байлаа. 1932 онд бага эмчийн салбар нь 2 бага эмч /Лувсаншарав, Чойдорж/ 2 сувилагчтай /Данзанжамба, Сосорбарам/ болж өргөжжээ. Ийнхүү хүн амд орчин үеийн эмнэлгийн ач холбогдлыг таниулах, ард түмнийг соён гэгээрүүлэх, тэднийг эрүүлжүүлэх их ажлын гарааг эхэлсэн байна.

1969 онд Дорноговь аймгийн Сүмбэрийн сангийн аж ахуй байгуулагдахад 15 ортой хүний их эмчийн салбар болон өргөжиж, 12 орон тоотой ажиллаж эхэлсэн ба салбарын эрхлэгч их эмчээр Бадамгарав ажиллаж эхэлсэн байна.Сумын хүн амыг эрүүлжүүлэх гол төв болохоос гадна малчдын эрүүл мэндийг хамгаалах, тэдэнд эмнэлгийн үйлчилгээг ойртуулах зорилгоор  мал аж ахуйн 3 фермд тус бүр 3-5 ортой бага эмчийн салбар нээж ажиллуулжээ. 1987 онд 3-р фермийн бага эмчийн салбар /эрхлэгч бага эмч Сосор/, 1990 онд 1-р фермийн салбар нь /эрхлэгч бага эмч Өсөхбаяр/ ажлаараа улсад тэргүүн байр эзлэн ЭМЯ-ны “Баярын бичиг”-ээр шагнуулж, Дорноговь аймгийн багийн эмч нарын үзүүлэх сургууль зохион байгуулж туршлагаа судлуулж байв.

1991 оны 6-р сарын 21-ний Улсын бага хурлын 46-р тогтоолоор Чойр хот байгуулагдан 1992 онд 40 орон тоотой, 30 ортой нэгдсэн эмнэлэг баригдан ашиглалтад орж нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн ба 1994 онд Говьсүмбэр аймаг байгуулагдаж нэгдсэн эмнэлэг нь 89 орон тоотой, 70 ортой болж өргөжин хүн амд 2-р шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байв. 1992 оноос нэгдсэн эмнэлгийн анхны даргаар Ш.Насанбуян ажиллаж шинэ тутам байгуулагдсан эмнэлгийг боловсон хүчнээр хангах, материаллаг баазыг бэхжүүлэх, эмчилгээ үйлчилгээг стандартын дагуу үзүүлэх зэрэг нэн чухал ажлуудыг чадварлагаар зохион байгуулж тус эмнэлгийг бүх талаар хөгжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирлээ.Нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг шинээр үүсгэн байгуулж эхэлсэн ба тухайлбал мэс заслын анхны эмчээр М.Болдбаатар, Х.Иш, эх барих эмэгтэйчүүдийн анхны эмчээр Д.Пунцагхорлоо, С.Ариунгэрэл, хүүхдийн анхны эмчээр Ариунсайхан , Л.Удвал, дотрын эмчээр С.Мөнхцэцэг нар ажиллаж эхэлсэн байна. Шинээр байгуулагдсан нарийн мэргэжлийн тасгуудад 2-р шатлалын эмнэлэгт хийгдвэл зохих бүх хагалгааг хийж эхэлжээ.