Алсын хараа

Эрүүл, аз жаргалтай иргэний төлөө

Эрхэм зорилго

Ёс зүйг эрхэмлэсэн, чанартай хүртээмжтэй тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчдэд хүргэнэ.

Зорилго

Аймгийн хэмжээнд эрүүл мэндийн тогтолцоог зөв зохион байгуулж, хүн ам, үйлчлүүлэгчдэд ээлтэй, тэгш хүртээмжтэй, чанартай эрүүл мэндийн үйлчилгээг хүргэх замаар Говьсүмбэр аймгийн хүн амын эрүүл мэндийг сайжруулан наслалтыг уртасгаж амьдралын чанарыг дээшлүүлнэ

Нэгдсэн эмнэлэг нь аймгийн 17 мянган хүн амаас гадна зэргэлдээ ойролцоо 4 аймгийн 12 сумын иргэдэд мөн олон улсын босоо тэнхлэгийн магистрал хатуу хучилттай зам, төмөр замын явуулын иргэдэд буюу нийт 30 мянга гариу хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

2020 оны байдлаар тус эмнэлэг нь 136 орон тоотой /их эмч 42, эмнэлгийн тусгай мэргэжилтэн 61, эрүүл мэндийн ажилтан 33/ 142 ортой, 2 алба, 8 тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Сэхээн амьдруулах-эрчимт эмчилгээ, эх барих-эмэгтэйчүүд, дотор, хүүхэд, халдварт, арьс харшил,мэс засал, гэмтэл, мэдрэл-сэтгэц, чих хамар хоолой, нүд, эрүү-нүүр, уламжлалт эмчилгээний чиглэлүүдээр хэвтүүлэн эмчлэхээс гадна нарийн мэргэжлийн болон онош зүйн 13 кабинетаар нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байна.

Тус эмнэлэг нь жил тутам 2700-3138 өвчтөнийг хэвтүүлэн эмчилж, амбулаториор 39900-43677 хүнд оношилгоо, эмчилгээ хийхийн зэрэгцээ сүүлийн 13 жилд эхийн эндэгдэл гаргаагүй, хүүхдийн эндэгдлийг жил дараалан тогтвортой бууруулсан, урьдчилан сэргийлэх тарилгын хамралтыг 98 %-иас дээш хувьд хүргэсэн, осол гэмтлийн тохиолдлыг бууруулсан, урьдчилан сэргийлэх үзлэг болон идэвхтэй хяналтыг нэмэгдүүлсэн, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдээр хангагдсан зэрэг амжилттай ажиллаж ирлээ.

Их эмчийн 88 хувь, сувилагч тусгай мэргэжилтнүүдийн 80 хувь нь дотоодод болон гадаад орнуудад мэргэжил эзэмшүүлэх болон дээшлүүлэх сургалтад хамрагдаад байна. Тус хамт олны дотроос Монгол улсын хүний гавьяат эмч 1, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т эмч 1, “Алтан гадас” одонт эмч, ажилтан 10, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-тан 14, “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэгт 62, Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр шагнуулсан 87 ажилтан, 2016 оны “Алтан чагнуурын эзэн” эмч 1 төрөн гарсан байна. Мөн мэргэжлийн тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч 33, клиникийн профеесор 5 ажиллаж байна. Манай хамт олон хоёрдугаар шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй үзүүлж үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээг бүрэн хангахын төлөө хамт олноороо хүсэл, зорилго нэгтэйгээр ажиллаж эмнэлгийн чанарын удирдлагын тогтолцоо ISO9001-2015 олон улсын стандартыг нэвтрүүлэхээр хичээн зүтгэж ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 85% гүйцэтгэлтэй ажиллаж байна.2020 онд 100 ортой шинэ барилга ашиглалтад орохоор баригдаж байгаатай холбогдуулан эмнэлгийн соёл марктенгийн төлөвлөгөөний дагуу Brandbook байгууллагын соёлыг House design  ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.Мөн эрүүл мэндийг дэмжигч байгууллага хамт олон болох зорилго дэвшүүлэн алба, тасаг нэгжүүдийн хооронд болзолт уралдааныг зарлаад байна.